А.Ганболд: ”Монголчууд бетон зуурмагийн салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр 100 гаруй сая ам.Долларыг гадагш нь зүгээр урсгачихаад байна”

Сүүлийн үед бетон зуурмагийн компаниуд олноороо үүдээ барьж эхэллээ. Шалтгаан нь юундаа байна?

Дөч гаруй компани үйл ажиллагаагаа зогсоож, үйлдвэрээ худалдах зар өгсөн гэх мэдээлэл сонсогдсон. Эдийн засаг сайнгүй байгаа.Энэ онд улам хүндэрнэ гэсэн таамаг бий. Тэгэхээр ирэх саруудад үүнээс олон компани хэцүү байдалд орох өндөр магадлалтай.

Бетон зуурмагийн компаниудын дунд эрүүл бус өрсөлдөөн үүссэн учраас ийм хэцүү байдал үүсээд байна л даа. Зөвхөн нийслэлд гэхэд бетон зуурмагийн 140 гаруй компани байна. Ашигтай салбар байна гэсэн өнгөц хандлагаар өчнөөн компани ямар ч тооцоо хийлгүйгээр энэ бизнес рүү орсон. Манай улсын хувьд эдийн засаг өсөлттэй, оргил үедээ жилд хоёр сая метр куб бетон зуурмаг хэрэглэж байсан. Харин өнөөдөр хэмжээ нь эрс багассан. Англи Улс гэхэд л жилд 20 орчим сая метр куб бетон зуурмаг хэрэглэдэг. Нийт бетоных нь 37 хувийг Семекс, Хайделберг, Лафарж гэсэн гуравхан компани нийлүүлдэг. Бетон зуурмагийн компаниуд нь нийлээд хорь гаруй. Гэтэл Монголд хоёр сая хүрэхгүй метр куб бетоныг 140 компани нийлүүлж байна гэхээр эрүүл бус өрсөлдөөн хэр газар авсаныг харж болно. Уг нь арав гаруйхан жилийн өмнө арав, хорин компани л ажиллаж байсан. Социализмын үеийн бүтээн байгуулалтын үед гэхэд СОТ-1, 2, БҮК-1, 2 гэх мэт дөрөв тавхан газар улсыг бетоноор хангадаг байлаа. Сүүлийн тав, зургаахан жилийн дотор тоо нь эрс өсчихлөө.


Тэгэхээр бетон зуурмагийн 140 үйлдвэрийг ажиллуулахын тулд гадагшаа өчнөөн ам.доллар урсгасан байж таарна. Нэг үйлдвэр ойролцоогоор хэчнээн ам.доллароор босдог вэ?

Нэг үйлдвэрийн үнэ ойролцоогоор 200-400 мянган ам.доллар. Том, жижиг тоног төхөөрөмжүүдийг нь нэмбэл бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулдаг нэг компани дунджаар 700.000-1.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг. Нэг сая ам.доллар гэж тооцоход багцаагаар 140 сая ам.доллар Хятад, Солонгос, Европ руу гарсан гэсэн үг. Уг нь хийсэн хөрөнгө оруулалт тухайн компанид өгөөжөө өгөх ёстой. Гэтэл өрсөлдөөн эрүүл бус болчихоор ихэнх үйлдвэр өгөөжөө өгөхгүй байна л даа. Гадагшаа гаргасан ам.доллараа олж чадахгүй байна гэсэн үг. Ашигтай ажилладаг компани тун цөөн байгаа. Улаанбаатарын бетон зуурмагийн хэрэглээ жилд дээд тал нь нэг сая таван зуун мянган метр куб. 140 компани тус бүрдээ 10 мянган метр куб бетон зуурмаг үйлдвэрлэхэд л энэ хэмжээ гүйцнэ. Гэтэл үйлдвэр босгоход сая долларыг халааснаасаа гаргасан нь цөөхөн шүү дээ. Ихэнх нь зээл авсан. Их мөнгөний хүү гэдэг томоохон зардал байдаг. Бетон зуурмагийн бизнесийн гол онцлог нь их хэмжээгээр нийлүүлж байж ашгаа өгдөг. Арав, хорьхон мянгыг үйлдвэрлээд ашиг олохгүй. Хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүйгээс гадна татвар төвлөрүүлэхгүй гэсэн том эрсдэл бий. Товчхондоо бид бетон зуурмагийн салбарт 100 гаруй сая ам.долларыг гадагш нь зүгээр урсгачихаад байна гэсэн үг.


Гэхдээ өрсөлдөөн ихсэхээр үнэ буудаг эерэг тал бий...?

Үнэ буух нь барилгын салбарт ашигтай мэт санагдаж байгаа боловч бетон зуурмагийн компаниудын хувьд зөвхөн үнээр өрсөлдөх нь хамгийн гол аюулыг бий болгодог. Үнээ буулгахын тулд чанарын шаардлагад үл тэнцэх материал ашиглаж, технологийн шаардлагаа мөрдөхгүй байх тохиолдол элбэг байна. Ингэснээр барилгын чанарын шаардлагыг ноцтой зөрчих болно. Нэгэнт хүн амын аюулгүй байдалтай шууд хамааралтай энэхүү салбарт чанарыг чухалчилж, үнийн хэт өрсөлдөнөөс зайлсхийх бодлого, зохицуулалт хэрэгцээтэй байна. Бетон зуурмагт чулуу, элс, цемент, химийн нэмэлтүүд ордог. Элс гэхэд л чанар муутайг нь хэрэглэх жишээтэй. Уг нь элсийг уулын чулуунаас тусгай төхөөрөмж ашиглан хиймэл элс гаргаж, эсвэл ядаж голын гольдрилоос техник, тоног төхөөрөмж, мэргэжилтэй боловсон хүчин, өндөр технологи ашиглан тодорхой хэмжээний зардал гаргаж олборлодог. Гэтэл компаниуд үнэ багатай бетон зуурмаг зах зээлд нийлүүлэхийн тулд стандарт бүрэн хангасан, өөрөөр хэлбэл зардал шингэсэн элс ашиглахаас татгалзаж эхэлсэн. Голоос шууд олборлоод хайргыг нь ялгаад л элсийг нь ашиглаж байна, голын элс тодорхой хэмжээний шавар, тоос шорооны агууламжтай. Агууламжийг нь багасгаж, угааж шигшихэд нэмэлт тоног төхөөрөмж хэрэгтэй. Ийм тоног төхөөрөмжинд хөрөнгө оруулалт хийлгүйгээр шууд л бетон зуурмагт хэрэглэдэг. Нөгөө талаас бол байгалийн элсний ордод байгаа тархац нь янз бүр, агуулагдах эрдсүүдийн хэмжээ харилцан адилгүй, ширхэглэл нь өөр өөр байдаг, энэ нь нөгөө л чанартай бетон гаргахад муугаар нөлөөлдөг. Барилгын суурь шороо гэж байдаг даа. Тодруулж хэлбэл барилгын фундамент хийхийн тулд газар ухаж гаргасан шороо. Энэ шороог шигшээд нарийн ширхэгийг нь элс болгож хэрэглэж байна. Бетоны чанарыг муутгаж буй гол шалтгаан болж байна л даа. Цемент гэхэд л аль болох хямд, чанар муутайг нь сонгож хэрэглэх жишээний. Бетон зуурмагт элснээс гадна чулуу ордог. Голын хайрга, уулын дайрга гэсэн хоёр бүтээгдэхүүн бий. Голын хайрга бөөрөнхий мөлгөр хэлбэртэй. Ийм хайргыг ашиглахын тулд нэмэлт тоног төхөөрөмж суурилуулж, гадаргууг нь арзгар болгох ёстой. Ядаж 70 хувь нь бутлагдсан, 30 хувь нь мөлгөр байх учиртай. Гэтэл зуун хувь мөлгөр чигээр нь ашиглаж байна. Бетон зуурмагийг чанарыг тогтворгүй болгож байгаа нэг том шалтгаан юм.

Тэгэхээр барилгын өртгийг буулгахын тулд бетон зуурмагийн үнийг буулгахыг нэн тэргүүнд зорих нь эрсдэлтэй арга байх нь. Харин манайх шиг хүйтэн, банкны зээлийн хүү нь тэнгэрт тулсан оронд жилийн тэн хагаст нь зогсдог барилгын салбарт сайн төлөвлөж байж цөөхөн хэдэн сардаа ажлаа амжуулах нь маш чухал. Үүний тулд нарийн зохион байгуулалттай, чанарын шаардлага хангасан, тохирсон цагийн хуваарийн дагуу бетоноо нийлүүлэх хариуцлагатай зуурмагийн компанитай харьцах хэрэгтэй болно. Тэр компани дээрх шаардлагыг хангахын тулд технологи, хүний нөөцдөө хөрөнгө оруулах шаардлагатай болдог. Мөн тэр компани их хэмжээтэй үйлдвэрлэн нэгж бүтээгдэхүүнд оногдох тогтмол зардлыг багасгаснаар өртгөө буулгах, эсвэл дэлхий дээрх хамгийн сүүлийн үеийн технолгийг нэвтрүүлж, маш олон судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж тухайн бетоныг даац, чанарыг дээшлүүлснээр орох хэмжээг нь багасгавал барилгын компанид хэрэглэх бетоны хэмжээ буурч хэмнэлт гарна гэх мэт маш олон арга байж болно. Жишээ нь файбер (fiber) гэж бүтээгдэхүүн байдаг бөгөөд түүнийг зуурмагт ашигласнаар бат бэх нь дээшилж барилгын тулгуур баганд орох бетоны хэмжээ багасна, багана ч нарийн болдог, энэ бүхэнд мэргэжлийн өндөр чадвартай инженерүүд, лабораторын маш нарийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж хэрэглэж, ихээхэн хэмжээний судалгаа шинжилгээний ажил хийх, гадаадын мэргэжилтнүүд, зөвлөхүүдтэй ажиллах шаардлагатай болно, гэтэл энэ бүхэн дахиад л хөрөнгө оруулалт шаардана, үүнийг томоохон хэмжээний чадалтай компани л хийх боломжтой юм. 

Бетон зуурмагийн компаниуд үнээрээ өрсөлдөхийн тулд зах зээлд чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юм байна. Хөндлөнгийн хяналт, шалгалт байдаггүй хэрэг үү?

Замын барилга гэхэд захиалагч, гүйцэтгэгч, хөндлөнгийн хяналт гэсэн гурван тал ажилладаг. Мэргэжлийн хяналтын газраас хааяа хийдэг хяналт, шалгалтыг эс тооцвол Монголын барилгын баригдаж буй процесст хөндлөнгийн хяналт гэж байхгүй. Захиалагч гүйцэтгэгч хоёрын дур, сонголтоор л барилгууд баригдаж байна. Хөндлөнгийн лаборатороор баталгаажуулсан үр дүнг нийлүүлэгч нь гаргаж өгдөг боловч яг тухайн өдөр нийлүүлсэн бетоны дээжинд шинжилгээ хийсэн эсэх, нэг лабораторын үр дүн баталгаатай байж чадаж байна уу г.м асуудал их байгаа. Мөн бас нэг зүйл бол барилгын компаниуд барилга барихдаа ашгаа нэмэгдүүлэх үүднээс өөрсдөө зуурмагийн үйлдвэр оруулж ирэн барилгын талбайдаа бетон зуурч барилгадаа нийлүүлдэг, үүний тулд тусгай зөвшөөрөл авна, мэргэжлийн ажилчид бэлтгэнэ г.м ажиллагаа шаардахаас гадна энэ талаар мэргэжсэн байгууллага биш тул технологи, үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөлт зэрэг байгууллагад байдаг бүхий л ажлыг шинээр хийх цаг зав гаргах шаардлагатай болно. Гэтэл нэг удаагийн төсөл учраас энэ бүхнийг хийдэггүй. Ингэснээр хараагүй, төлөвлөөгүй эрсдлүүд гарч эхэлнэ. Зарим нэгээс нь дурьдвал тухайн төсөл дууссаны дараа хэн ч худалдан авахгүй, барилга дандаа бариад байхгүй тул бараг ашиглагдахгүй үхмэл хөрөнгө болно, энэ ашигтай ажиллах гэсэн биш харин ч алдагдал болчихдог, 2-рт өөрсөддөө бетон нийлүүлэхээр чанарт тавих хяналт эрс мууддаг, үйл ажиллагаанд мөрдөх маш олон дүрэм журам, бүтээгдэхүүнд тавигдах стандарт, хяналт хийх процесс бүгд дутуу явагдана. Захиалагч нь өөрсдөө тул гарч байгаа бетон муу бол асгахгүй дээ. Бусад захиалагч нийлүүлэгчийн хувьд арай өөр байдаг боловч хөндлөнгийн хяналт сул байгаа. Сүүлийн үед манай томоохон барилгын компаниуд мэргэжсэн компаниудад бетоноо захиалаад өөрсдөө чанар хяналтан дээр анхаараад явах нь зөв гэдгийг ойлгож өөрсөдөө үйлдвэртэй байхаас татгалзаж эхэлсэн.

Гэхдээ нэг метр куб бетонд төчнөөн кг элс, хайрга орно гэсэн стандарт байдаг биз дээ, барилгын компаниудын зүгээс бетоны чанар дээр шаардлага тавьдаг баймаар л юм?

-Тийм шаардлага, стандарт бий. Энэ нь чанар гэхээсээ илүү тоо хэмжээ талаасаа голчлон харсан тухайн материалд үндэслэн шинжилгээгээр гарсан орц нормын стандарт л даа. Тоо хэмжээний хувьд гэвэл зарим программистуудын зүгээс “Программыг чинь өөрчлөөд өгье” гэсэн хүсэлтийг компаниудад тавьдаг сөрөг тал бий. Программ дээр нэг метр кубад хийх ёстой элс, хайрга нь бүрэн орсон гэсэн хэмжээ гарах ч бодит байдал дээр худлаа болгоод тохируулчихдаг гэсэн үг. Барилгын компаниудаа хохироож байгаа нэг хэлбэр л дээ. Материалаа ийм аргаар хасаж танахаар хэмнэлт гарч таарна. Амьдралд байх боломжгүй хямд үнийг санал болгож байгаа бас нэг шалтгаан нь энэ.

Бетон зуурмагийн компани олшрох хэрээр гол дагасан карьерийн тоо замбараагаа алдсан. Нийслэл орчимд хэчнээн карьер ажиллаж байгаа бол?

Бараг л бүх компани өөрийн гэсэн карьертай. Улаанбаатар хот орчимд голын эрэг дагуу байрлаж байгаа карьерууд гэхэд л ная гарчихсан. Төв аймгийн Алтанбулаг сум руу цаашилснуудыг нь тооцвол нийтдээ 100 гаруй карьер гол дагаж ажиллаж байна. Компани бүр карьертай болчихоор гол дагуу ухаж буй талбайн хэмжээ томроод ирж байгаа юм. Уг нь цөөхөн компани байсан бол өнөөдрийнхөөс илүү бага талбайд олборлолт хийгдэнэ л дээ. Төр засгийн байгууллагуудын гаргасан дүрэм журам ч экологид халтай байхад нөлөөлдөг. Жишээ нь голын эргийн ойролцоогоос элс хайрга олборлох гэж байгаа бол гурван метрээс цааш ухаж болохгүй гэсэн шаардлагыг төрийн байгууллагууд тавьдаг. Гурван метрээс доош ухвал хөрсний ус гарч ирнэ, тэр хэрээр ууршилт явагдана гэж үздэг учраас ийм шаардлага тавьдаг юм. Гэхдээ гурван метр, магадгүй түүнээс гүехэн ухсан ч хөрсний ус их бага хэмжээгээр гараад ирдэг. Би Герман, Польш, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй улсуудаар явж туршлага судалсан. Тэнд байгаль орчин нэг номерт тавигддаг тул аль болох голын карьер ашиглахгүй уулын карьер ашигладаг. Ганц нэг голын карьер ашиглаж байгаа газар байгаа боловч маш бага талбайд олборлолт явуулдаг юм билээ. Доошоогоо их гүнзгий ухдаг гэсэн үг. Тэр хэрээр ууршилт явагдах талбайн хэмжээ эрс багасчихаж байгаа юм. 

Ер нь заавал голын эрэг дагуу карьер байгуулах шаардлага байна уу, таны түрүүний хэлсэн шиг уулын дайрга ашиглах чиг рүү явах боломж бий юу?

-Яг одоохондоо гэвэл голын элс дайргыг ашиглахаас өөр аргагүй. Холбогдох байгууллагаас нь тодорхой хугацаа заагаад аажмаар уулын карьер ашиглах нөхцлийг нь хангаад өгвөл уулын чулууг бутлаад хиймэл элс гаргах олон улсын жишигт шилжих боломжтой. Хөрш Хятадад гэхэд голын элс дайргаа ашиглах нь буруу, экологид хортой гэж үзээд уулынхаа чулууг түлхүү ашиглаад эхэлсэн байна. Энэ төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудаа ч бодлогоор дэмжээд эхэлсэн. Уулын карьерт нэг давуу тал бий. Ой модгүй, ойр хавьдаа усгүй чулуун уулыг л ашигладаг. Модтой байгальтай, зөөлөн хөрстэй уулыг ашиглах боломжгүй. Чулуу нь бага, хатуулгын хэмжээ нь ч хүрэхгүй гэсэн сул талууд бий. Улаанбаатарын ойролцоо байгаа модгүй, голоос хол чулуун уулуудыг карьерт түлхүү ашиглах зөвшөөрөл өгөх бодлогыг засгаас барих учиртай.

Чулуун уулыг карьерт ашиглалаа гэж бодъё. Нөхөн сэргээлтийг нь яаж хийдэг юм бол?

Ургамлын бүтэцтэй хөрс нь 20 орчим см байдаг юм. Гадаргуу дээрх тэр өнгөн хөрсийг нь хуулж аваад хадгалдаг. Уулаа ашиглаад тэгшхэн болсон хойно нь ургамлын үндэстэй өнөө хөрсөө хучаад өгчихдөг. Олборлолт явагдаж, нөхөн сэргээлт хийсний дараа тэнд ногоо ургасан тал үлдэнэ гэсэн үг.

Уулын чулуунаас хиймэл элс гаргадаг гэдгээ тодруулаач?

Элс гэдэг чинь олон сая жилийн турш элэгдэж бутарсан жижиг ширхэгтэй чулуу. Түүнээс биш тусгай материал биш юм. Чулууг өндөр технологиор тээрэмдэж бутлахад л элс болчихно гэсэн үг. Уулын чулуу бутлах тоног төхөөрөмж өндөр үнэтэй. Эрүүл бусаар өрсөлдсөн, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй байгаа ийм үед компаниуд экологид ээлтэй энэ мэт тоног төхөөрөмж, технологид мөнгө зарах боломжгүй л дээ. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани л уулын карьер ашигладаг. Нэг нь манай охин компани болох Анд сөүрвэй гэж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий уулын чулуу бутлуур, хиймэл элс үйлдвэрлэгч компани юм. Давуу тал нь гэвэл бутлалтын явцад гарах тоосыг сорох 2 том төхөөрөмж, 3-4 хэлбэр бүхий бетон, асфальтны чулуу үйлдвэрлэх бутлуурын комплекс, хиймэл элс үйлдвэрлэх босоо голт тээрэм, хиймэл элснээс тоос шаврыг угаах төхөөрөмж, ус дахин ашиглах цэвэрлэх байгууламж бүхий цогц үйлдвэр юм. Энд дурьдагдсан ус дахин ашиглах цэвэрлэх байгууламжын талаар цухас тайлбар өгье. Уул нь голоос хол байрладаг гэж дээр хэлсэн, гэхдээ бутлуурын процесст тодорхой хэмжээний ус хэрэглэгддэг. Гэтэл энэ усыг гүнийн худаг гарган шийдэхээс өөр аргагүй, тэгвэл гүнийн усыг байнга соруулаад ашиглаад байвал байгаль орчинд хортой. Иймээс бид компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэглэсэн усыг 95% хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах байгууламжын тоног төхөөрөмжийг оруулж ирэн гадны мэргэжлийн компанитай хамтран барьж ашиглалтанд оруулснаар усны хэрэглээг 5% болгон бууруулсан билээ. 

Уулын карьер ашиглавал илүү чанартай бетон зуурмаг үйлдвэрлэх боломжтой гэж ойлголоо. Манай улсад том бүтээн байгуулалтууд өрнөөд эхэлсэн. Том бүтээн байгуулалтууд гэхэд л чанартай бетон шаардах байх?

Тэгнэ. Сүүлийн үед манай улсад өндөр барилга их барьдаг болсон. Шинэ нисэх буудлаас эхлээд олон улсын болон гадны хөрөнгө оруулалттай том төслүүд хэрэгжиж байгаа. Ийм том төслүүдийн хувьд уулын чулуу, стандартын шаардлага хангасан элс, өндөр чанартай цементээр зуурсан бетон авна гэсэн шаардлага тавьдаг. Маш сайн боловсон хүчин, өндөр технологийн лабораторитай байж чанартай бүтээгдэхүүн гарч ирдэг. Тэгэхээр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зардал их гарна гэсэн үг. Үүнээс гадна экологид ээлтэй дээрх чулуу бутлуурын үйлдвэр шиг томоохон хөрөнгө оруулалт хийж байж чанартай бүтээгдэхүүн гарна. Энэ хэмжээний хөрөнгийг өнөөдрийнх шиг нөхцөлд ажиллаж байгаа компаниуд гаргах боломжгүй. Жишээ нь бетон зуурмагийн компаниуд байгальд халтай технологи хэрэглэх нь ямар сөрөг нөлөөтэйг ганц, хоёр жишээгээр тайлбарлая. Миксер машин бетоноо буулгачихаад үйлдвэрийн талбайдаа буцаж ирэхэд миксерийн дотор талын хананд нь бетон наалдаад үлдчихдэг. Наалдаад үлдсэн бетоныг угаагаад усыг нь асгадаг. Тэгэхээр бетон чулуу, элс холилдсон их хэмжээний ус хаягдал болдог. Улаанбаатарт их хэмжээний цементэн элсэн хольцтой хаягдлууд асгаж байна л даа. Гэтэл миксер машиныг угаасан усны 95 хувийг буцаагаад ашигладаг технологи дэлхийд бий. Хайрга, элсийг нь ч дахин ашиглах боломжтой. Багахан хэмжээний цемент тунаж үлдсэн нь л хаягдал болдог. Манай компани гэхэд ийм технологи нэвтрүүлээд удаагүй байгаа. Мэргэжлийн хяналт, Туул голын хамгаалалтын бүс гэж байгууллагынхан ирж үзээд нэвтрүүлэхээс аргагүй чухал технологи гэцгээж байсан.

Та сая олон улсын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын том төслүүд чанартай бетон зуурмаг шаарддаг гэлээ. Ингэхэд манай компаниудын үйлдвэрлэдэг бетон зуурмаг тэдний шаардлагыг хангаж чадаж байна уу?

Том компаниудын хувьд шаардлагыг нь хангахаар бетон зуурмаг нийлүүлж чадаж байгаа. Төв аймгийн Сэргэлэн суманд баригдсан Монголын анхны салхин цахилгаан станцын гүйцэтгэгч нь гэхэд Австралийн “Лейтон” байсан. Жишээ нь тэднийг бетон нийлүүлэх компаниа сонгоход бид шалгарсан. Салхин станцад ашигласан бетон барилгын бетоноос өөр байсан. Монголд анх удаа 550 маркийн бетоныг Салхитад хэрэглэсэн юм. Хамгийн өндөр маркийн бетон гэсэн үг. Мөн бидний нийлүүлж байгаа ШангриЛа зочид буудлын барилгын бетон гэхэд өмнө хэрэглэж байгаагүй өндөр маркийн бетон байгаа. Монголд бетон зуурмагийн үйлдвэрийн тусгай зөвшөөрөл өгөхдөө 150-450 маркийн хооронд үйлдвэрлэнэ гэсэн шаардлагаар өгдөг гэхээр ямар өндөр марк гэдэг нь тодорхой харагдах байх. 500, 550, 600 марк Монголд өмнө нь байгаагүй учраас стандарт нь байхгүй гэсэн тайлбар бий. Ийм зөрчилдөөн бас үүсдэг. Гэтэл гадны компаниуд 550 маркаар барилгаа барина гэдэг. Одоо шинэ нисэх буудлын барилгын болон зурвасын бетон гэхэд л маш өндөр шаардлага тавьдаг, бетон нь өндөр маркаас гадна урсамтгай чанар, агаарын агууламж, чулуу элсэнд агуулагдах байглийн төрөл бүрийн эрдсийн хэмжээ ямар байна гээд маш олон нэмэлт шаардлага хангасан байх ёстой, энэ бүхэнд Япон, Солонгосын компаниуд, мөн зөвлөх компани хяналт тавин ажилладаг. Зарим компаниуд өндөр маркийн бетон гаргасан гэдэг л дээ. Яахав лабораторын түвшинд 500, 1000 хүртэл маркийн бетон гаргаж болдог, харин үйлдвэрлэлд их хэмжээний бетон тасралтгүй ийм өндөр маркаар гаргана гэдэг бол өөр асуудал юм. Энэ нь түүхий эд материал нь байнгын чанартай ирж байна уу, үйлдвэрийн хэмжих хэрэгсэл нь тогтмол найдвартай ажиллаж байна уу, инженер техникийн ажилтнуудын мэргэжил мэдлэг, туршлага нь хангалттай юу, үйл ажиллагааны дотоод хяналтын процесс нь хэр сайн байна г.м олон хүчин зүйлээс шалтгаалдаг. 

Тэгвэл бетон зуурмагийн компаниуд яавал хөгжинө гэж та бодож байна. Мэдээж та нар л ажилла, манай компани жижигхэн юм чинь орон зайгаа тавьж өгье гэхгүй нь тодорхой...?

Ганц зөв гарц бий. Бетон зуурмагийн компаниуд нэгдэж том болж байж том хөрөнгө оруулалт хийнэ, хариуцлагатай болно. Европын тийм том зах зээлд цөөн компани үйл ажиллагааг явуулдаг гэж өмнө хэлсэн, гэтэл Монголын жижиг зах зээлд маш цөөхөн компани байхад л хангалттай. Манай компани гэхэд одоогоор 6 үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна, хэрэв манай компаниуд хамтран ажиллах энэ хэлбэрийг хэрэгжүүлж чадаж байсан бол ийм хэмжээний хөрөнгөөр үйлдвэр авч хөрөнгө гадагшаа гаргахгүйгээр байгаа үйлдвэрүүдийг ашиглаад энэ хөрөнгийг өөр чухал эрдэм шинжилгээ судалгаа, шинэ технологи, хүний нөөцөө хөгжүүлэх зэрэгт зарцуулсан бол түүхий эд болон бетон зуурмагийн үйлдвэрлэл шинэ түвшинд гарахад чухал дэмтэй л байсан болов уу. Энэ байдлаар цааш үргэлжлэвэл шинэ ноу хау, технологи ч нэвтрүүлсэн юм байхгүй нэг нэгнийгээ үнээр татаж унгасан өнөө маргаашаа аргацаасан, чанарыг дээдэлдэг бус салбар болж хувирах нь. 

Компаниудын оруулсан хөрөнгө харилцан адилгүй. Нэгдэнэ гэхээр оруулсан хөрөнгө, тухайн компанийн үнэ цэнийг яаж хэмжих вэ?

Тухайн компанийн зах зээлд ажилласан туршлага, санхүүгийн үзүүлэлтүүд, ирээдүйд борлуулалт хийх чадамж гээд олон зүйлсийг харьцуулахаар үнэлгээ нь тодорхой болно. Монголд компанийн зах зээлийн үнэлгээг хийх боломжтой. Хөрөнгийн бирж дээр гарч байгаа компаниуд зах зээлийн үнэлгээгээ хийлгэдэг. Үнэлгээ гарсаны дараа нэгдэж, олон хувь эзэмшигчтэй нэг компани бий болно гэсэн үг. Энэ тохиолдолд нийслэлд ажилладаг өчнөөн үйлдвэрээс чухлыг нь үлдээж, гол дагасан зуу гаруй карьераас хэрэгтэйг нь авч үлдэж, бусдыг нь ажиллуулахгүй байх боломж бүрдэнэ. Нэгд байгаль орчны асуудал шийдэгдээд ирнэ. Хоёрдугаарт хамтраад үйлдвэрлэвэл бетон зуурмагийн тоо хэмжээ эрс нэмэгдэх сайн талтай. Их хэмжээгээр үйлдвэрлэж байж ашиг олдог онцлогтой бизнес гэж өмнө хэлсэн шүү дээ. Компани олон хувьцаа эзэмшигчидтэй болсноор засаглал нь сайжирч дотоод хяналт дээшилж илүү хариуцлагатай ажилладаг болно. За тэгээд хамгийн сүүлийн үеийн ноу хау, технологийг нэвтрүүлж чадна гэж ирээд яривал өчнөөн жишээ дурдаж болно. Жижиг компанид нэг том сул тал бий. Дээр хэлсэнчлэн, бетоны сезон дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарыг дуустал үргэлжилдэг. Зунжин зүтгэж олсон ашгаа өвөл нь идээд дуусгачихдаг. Сул зогссон ажилчдаа цалинжуулна, нийгмийн даатгал, байрны түрээс, банкны зээл төлнө гээд олон асуудал бий. Жижиг компани ашиг олоход үр ашгийг нь ганцхан эзэн нь хүртдэг. Байр, машин авах ч юм уу, гадаадад очиж амрахад тэр мөнгө зарагдаад дуусдаг. Том компани тэгэхгүй. Нэгдлээ гэхэд ашгаа хувааж идэхгүй. Компани өргөжүүлэхэд хөрөнгө оруулалт хийдэг. Олсон ашгийнхаа 80-90 хувийг эргээд компаниа хөгжүүлэх хөрөнгө оруулалтад зардаг. Ашиг хуваарилалтаа тодорхой хугацааны дараа хийдэг онцлогтой. Ингэж байж бетон зуурмагийн зах зээл дээр монголчууд хүчтэй байж чадна. Бетон зуурмагийн салбарт Хятад, Солонгосын хэд хэдэн компани ажилладаг. Гэхдээ гадны компани гэж ялгаж харьцаж бас болохгүй л дээ. Тэд чинь Монголд мөнгөө хийсэн гадны хөрөнгө оруулагч нар. Гэхдээ Монголд татвар төлөлт, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг оруулж байгаа хувь нэмэр нь ямар байгаа вэ гэдэг бол тусдаа асуудал байх. 

Гэхдээ оруулсан хөрөнгөө нөхөж чадахгүй хэцүү байдалд байгаа бетон зуурмагийн үндэсний компаниуд сайн дураараа зах зээлээс гарч, мөнгөтэй, гадны компаниудад томрох бололцоог нь нээж өгөх эрсдэл байгаа юм биш үү?

Тийм эрсдэл бий. Жижиг олон компани ажиллаж байгаад эрсдэлд орж хямралд өртөнгүүтээ үйлдвэрээ зарахаас өөр гарцгүй болдог. Тэрийг нь мөнгөтэй, гадны хөрөнгө оруулагчид худалдаж авч таарна л даа. Яг ийм үед асуудлыг хүчээр шийднэ гэж байхгүй. Үндэсний компаниуд нэгдэж, томорч байж зах зээлээ хамгаалах хэрэгтэй.

Нэгдэж ажиллавал эерэг нөлөө их гарах л юм байна. Гэхдээ манай компанийг их, бага үнэллээ гэхээс эхлээд нэлээд асуудал гарч таарна. Энэ чигийн хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн гэж та боддог вэ?

Таны яриад байгаа асуудлыг зохицуулсан хууль хангалттай бий. Хуулинд хувьцаат компанийг ингэж удирдах ёстой, тэгж явах ёстой гэж нарийн заачихсан байгаа. Англи, Америк, Япон, Хятад, Солонгос, Сингапур, Хонгконгийн хэдэн зуун жилийн туршлага байна. Тэдний мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч болно. Гэхдээ бидэнд “Энэ илүү мөнгө идчих байх” гэсэн биедээ итгэдэггүй нэг зовлон бий. Уг нь их энгийн. Хувьцаа эзэмшигчдийн байгуулсан ТУЗ, тэндээс томилсон гүйцэтгэх захирал, захирлын баг компанийг удирдаж хөгжүүлнэ. Байнга хяналттай ажиллана шүү дээ. Жилд 2-3 удаа хөндлөнгийн адуит оруулж хөрөнгө оруулагчдын мөнгийг буруу зөрүү зарж байгаа эсэхийг шалгуулах боломжтой. Бид хүссэн хүсээгүй энэ шат руу орох ёстой. Ер нь Монголд хэт олон компани ашигтай гэсэн салбар руу ямар ч тооцоогүй хуйларч ороод салбараа унагадаг жишээ ганц бетон зуурмагаар тогтохгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Эх сурвалж: http://economy.news.mn/content/204291.shtml